Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр арван чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс биелэлт 88.3 хувьтай байна.
2021 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр найман авто замд борооны ус зайлуулах далд шугам барих ажил хийгдэнэ. Авто замын шугам, шүүрт болон үзлэгийн худагт урсгал засварын ажлууд, насос станцад засварын ажлууд хийхээр төлөвлөснөөс эхний хагас жилийн байдлаар урсгал засварын ажил 50 хувьтай байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд нийт 1259 ажил хийжээ.